Н.Намируун – Цахим Худалдаа, Маркетингийн Албаны Ахлах, Талх Чихэр
ХКБидэнд ингэж ярилаа:
Талх Чихэр компанид үндсэн ажилтнаар орохоосоо өмнө тэдэнд үйлчилгээ үзүүлдэг байсан маркетингийн агентлагт хоёр жил зөвлөхөөр ажиллаж байсан.
Одоогоор манай албаны үндсэн ажлууд төслийн шатандаа буюу 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Уг төслийн хүрээнд бид эцсийн хэрэглэгчдэд борлуулалтын дамжлагагүйгээр шинэ талх хүргэхээр ажиллаж байна.
Манай үйлдвэр нь ISO олон улсын чанарын стандартын дагуу ажилладаг.
Бүтээгдэхүүний түүхий эд үйлдвэрт ирэхээс хэрэглэгчийн гарт очих хүртэл бүх дамжлагад тогтмол хяналт тавьснаар найдвартай, эрүүл, шинэхэн талхыг хүргэхийг зорьдог.
2018 онд “Зүсэм Талхны Шид” хөтөлбөр хэрэгжүүлж байсан бөгөөд бидний иддэг нэг зүсэм талх шууд болон шууд бусаар 4000 гаруй хүний хүч бүрэлдэхүүнтэйгээр 17’600 төгрөгөөр бүтдэг гэсэн судалгаа гарч байсан.
Тэгэхээр хүмүүс авсан талхаа хадгалалтын горимын дагуу хадгалж, хаягдалгүйгээр бүрэн идэж дууссан байгаасай гэж бидний зүгээс хүсдэг.
Миний оролцож байсан хамгийн кайфтай төслүүдийн нэг нь “Онцгой” бренд.Бэлэн хүнсний бүтээгдэхүүний савлагаанд хар өнгө ашиглахыг манай багаас бусад нь бүгд эсэргүүцэж, туршилтын үр дүн ч эсрэг байж билээ.
Зах зээл дээр энэ бүтээгдэхүүн ийм өнгө төрхтэйгөөр амжилт олно гэдэгт итгэлтэй байсан учраас гарах эрсдэлийг өөрсдөө үүрнэ гэж ам гарч, санаагаа хамгаалж байсан нь хожим нь маш зөв шийдвэр байсан.
Үндэслэлтэй маркетинг буюу судалгаа, дата анализуудад суурилсан шийдвэрүүд болон мэдрэмжээс бүрдсэн маркетинг бүхэлдээ зөв хийгддэг.
Энэ төслийн үр дүнд гоё санаа бодож олоод, түүнийгээ амжилттай болно гэдгийг судалж баталсан бол шууд хэрэгжүүлэх зоригтой байхын чухлыг ойлгосон.
Маркетингийн хүн бусдаас өөрөөр сэтгэх хэрэгтэй. Жишээлбэл: Эмэгтэй дотуур хувцасны бренд гаргах гэж байгаа бол хувцсаа өмсөж үзээд жаргал, зовлонг нь ойлгох хэрэгтэй.
Багтаа ажилтан сонгож авч, бүтээмжтэй ажиллуулахад баримталдаг зарчмууд:
1. Маркетингт дурласан амьдралаа зориулсан хүн ажилд авах хэрэгтэй.
2. Мэдрэмж чухал. Мэдрэмж бол байгалиас өгөгдсөн өгөгдөл байдаг учраас сурах хэцүү гэж боддог.
3. Авсан бол хайрла.
Тухайн ажилтантайгаа үнэнч, шударга харьцах нь мөн чухал.
Ажилдаа дуртай, зөв ажлаа сонгосон эсэхээ мэдэхийн тулд өөрөөсөө дараах асуултыг асууж болно:
Гэр бүлдээ зарцуулах үнэт цагаасаа илүүчлээд, золиос гаргаад үүнийг хийхийг хүсэж байна уу?
Хэрэв тийм бол тухайн ажилдаа урт хугацаанд хүсэл эрмэлзэлтэй, сэтгэл ханамжтай бас амжилттай ажиллаж чадна гэж ойлгож болно.
Миний харилцааны ноу-хау:
1. Хүмүүстэй их ярилцдаг. Анх уулзсан хүнтэйгээ ч 3 жил найзалсан найз шигээ нөхөрсөг харьцдаг бөгөөд харилцаа биднийг биенээ улам сайн танихад тусалдаг.
2. Ажлаа сайн явуулахын тулд хүмүүст дуртай ажлыг нь хуваарилдаг. Хүнийг тухайн ажилдаа дуртай байгаа эсэхийг царай болон биеийн хэлэмжээс нь ажиглаж болдог.
3. Ажилтнууддаа хийх ажлын 80 хувийг нь долоо хоногоор төлөвлөж өгдөг, үлдсэн 20 хувьд нь нэмэлт санаачилга гаргаж, давуулан биелүүлэхийг зөвлөдөг.
4. Ажилтнуудынхаа нөөц бололцоог дайчилж, бүтээмжтэй ажиллуулж чадвал тухайн хүнийг багаасаа явуулах талаар бус цалинг нь яаж нэмэх вэ гэдэгт толгой өвдөж байвал сайн.
5. Чадахгүй зүйлдээ үгүй гэж хэлдэг зоригтой байхыг хичээдэг бөгөөд сайн чаддаг зүйлдээ л амлалт өгч, амлалтдаа хүрэхийн төлөө хүчээ дайчлах нь аль аль талдаа тустай.