Г.Энхболд, IT Албаны Дарга, Улсын Гуравдугаар Эмнэлэг

Бидэнд ингэж ярилаа:

Би Эрүүл Мэндийн Мэдээллийн Технологи мэргэжлээр АШУҮИС-ийг төгссөн.

Энэ мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийн нэг бөгөөд одоо яг л төгссөн мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүсийн нэг юм.

Анх эмчийн мэргэжлийг сонгох гэж байгаад анги сонгохдоо компьютерт суурилсан эмчээр төгсдөг анги байна гэсэн андуурал гарсан.

Гэхдээ би андуурч сонгосон мэргэжилдээ, ажилладаг салбартаа дуртай маш их дуртай учраас сэтгэл ханамжтай ажилладаг.

Эмнэлэгт хандаж ирсэн хүмүүст тусламж хэрэгтэй байдаг ч эмнэлгийн хүчин чадлаар хязгаарлагдах тохиолдлууд байдаг.

Тиймээс манай эмнэлэг болон бусад төрийн эмнэлгүүд иргэддээ эмнэлгийн үйлчилгээг улам ойртуулж, хамгийн чирэгдэл багатайгаар шийдэх зорилгоор сүүлийн үед нэвтрүүлсэн технологиудаасаа дурдвал:

1. Хялбар бас эмнэлэгт бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс онлайн цаг захиалгын систем нэвтрүүлсэн.

2. Шинжилгээний хариу гаргахын тулд хоёр хүн ажилладаг байсан бол одоо эмнэлэг дээрх хоёр ширхэг knock машинаас хялбар авдаг болсон.

3. Мөн бүтэн жилийн 10’000₮ төлөөд аль эмнэлэгт үзүүлсэн бүх шинжилгээний хариугаа онлайнаар авах боломжтой болсон.

4. КоллПро үйлчилгээ нэвтрүүлснээс хойш цаг захиалгыг мөн утсаар авдаг болсон. Байршил харгалзахгүй дуудлагад хариулж болдог учраас операторууд маань гэрээсээ ажиллах боломжтой байдаг.

5. Дуудлага бүрийг алдахгүй авч, тайлан статистикаа хянаж, ярианы бичлэгээ эргээд сонсох боломжтой болсон.

6. Эмнэлгүүд хоорондоо үзлэгийн сул цагийг солилцдог болсон.

7. Дүрс оношилгооны систем нэвтрүүлсэн нь дүрс оношилгооны бүх зургийг бусад эмнэлгүүд ашиглах боломжтой болсон.

8. Иргэн эмнэлэгт үзүүлснээ хурууны хээгээр баталгаажуулдаг болсон.

Тоног төхөөрөмж, програмын ашиглалт, цахилгаан гээд урсгал зардлууд зайлшгүй байдаг учраас түүндээ тохирсон багахан үнэ тариф тавьдаг билээ.

Эрүүл мэндийн салбарын мэдээлэл технологийн инженерүүд хоорондоо мэдлэг мэдээлэл солилцож, холбоотой ажилладаг.

Манай салбарын бүх үйл ажиллагаа нь маш яаралтай хурдацтай явахгүй бол цаана нь хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байдгаараа онцлогтой.

Цаашид эмнэлгийн салбарт дараах зүйлсийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна:

1. Аль болох эмнэлэгт ирэхгүйгээр хоёр дахь үзлэгээс хойш эмчтэйгээ онлайнаар үзлэг хийлгэх боломжуудыг эрчимтэй судалж байна.

2. Өвчтөний түүхийг гараар бичдэг байсныг 100% цахим болгосон бөгөөд цаашид эмнэлгүүд хоорондоо хууль эрх зүйн хүрээнд мэдээлэл солилцох боломжийг эрэлхийлж байна.

3. Төрийн эмнэлэг болон хувийн эмнэлгийн программ хооронд РД-аар өгөгдлөө солилцоод өвчтөний бүх мэдээллийг харах боломжийг бүрдүүлж байна.

Манай эмнэлэг нийт 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр манай албанд надаас гадна 3 инженер байдаг.

Эмнэлгийн ажилчид, мэдээлэл технологийн баг, төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд гээд энэ бүхний хооронд манай мэдээлэл технологийн баг гүүр нь болж өгдөг.

Мэдээлэл технологийн албанд ирсэн дуудлагууд үргэлж яаралтай байдаг учраас бид цөөхөн хүнтэйгээр үр дүнтэй ажиллах дараах зарчмыг баримталдаг:

1. Нэг удаагийн дуудлагаар очихдоо дуудагдсан асуудлыг шийдвэрлэхээс гадна цаашид гарч болзошгүй бусад техник хангамж, програмуудыг нь заавал давхар шалгадаг.

2. Шинэ програм, технологи нэвтрүүлэхдээ судалгаанд ихэнх цагийг зарцуулдаг. Эмнэлгийн дүрэм журамд нийцсэн байхаас гадна цаашид 700 гаруй хүнд нэвтрүүлж, сургалт явуулах шаардлага гардаг учраас програм хангамж найдвартай, өмнө амжилттай туршигдсан байх шаардлагатай байдаг.

3. Програм хангамж сонгохдоо цаг зарцуулалт хамгийн бага, эргээд хяналт хийхэд хялбар байдлыг харгалзан үзэх нь нэн чухал юм.

Эрүүл мэндийн байгууллагын цахимжуулж болох бүх л ажлыг цахимжуулахад чадлаараа хувь нэмрээ оруулъя гэсэн бодолтой байдаг.

Та жишээлбэл гэрээсээ 2-3 эмчид үзүүлж чаддаг болчихвол бид нарын зорилго бүтлээ гэсэн үг.

Бидний шинээр нэвтрүүлсэн технологиуд олон хүнд хүрч, цаг завыг нь хэмнэдэг байгаасай гэж найдаж байна.

Comments are closed.