Г.Содцэцэг – Тэнгэр Даатгал ХХК – Бизнес хөгжил, Харилцагчийн Үйлчилгээний хэлтсийн Захирал

Бидэнд ингэж ярилаа:

Манай багийн залуус утас, сошиал, дижитал болон хэрэглэгчидтэй шууд харилцах гээд бүх төрлийн харилцагчийн үйлчилгээний сувгуудыг хариуцахаас гадна бүтээгдэхүүн болон дижитал сувгийн хөгжүүлэлтэд төвлөрч ажилладаг.

Бидэнд ирдэг ослын болон нөхөн төлбөрийн дуудлагууд үргэлж яаралтай байдаг.

2020 онд манай дуудлагын стандарт үзүүлэлт буюу дуудлагад хариулах хурд 20 секунд дотор байх зорилго тавин ажилласан ба, 9 секундийн гүйцэтгэлтэй гарсан.

Мөн амжилттай дуудлагын гүйцэтгэлийн олон улсын стандарт болох 90% д хүрч ажиллахаар манай компани зорьж амжилттай ажиллаж байна. Эдгээр үзүүлэлтийг КоллПро системээс хялбар гаргаж ирж болдог.

Харилцагчийн үйлчилгээний төвөө цөөн хүнтэйгээр бүтээмж өндөр, чанартай үйлчилгээ үзүүлэх аргуудаасаа хуваалцвал:

1. Ажлын ачааллыг урьтаж төлөвлөж, ачаалал их үед бусад алба хэлтсээс түр хугацаагаар нэмэлт хүч дайчилснаар байгууллагынхаа асуудлыг хамтын хүчээр давдаг. Мөн алба, нэгж хооронд түр сэлгэж ажилласнаар ажилтнууд шинэ зүйлсэд суралцах, бусдынхаа ажлыг таньж мэдэх ойлгох гээд олон давуу талтай байдаг.

2. Бүх ажилтнуудад ижил, олон талт ур чадвар, чиг үүрэг эзэмшүүлснээр, хэрэглэгчийн аливаа тодруулга, хэрэгцээ шаардлагад цааш өөр ажилтанд дамжуулалгүй хариу зөвлөж, асуудлыг шийдвэрлэх гэх мэт давуу талуудтай.

3. Ачааллыг жигд хуваарилах, нэг хүнд хэт их ачаалал өгөхгүй байх нь маш чухал ач холбогдолтой. Ядраагүй, стрессгүй хүн чанартай үйлчилгээ үзүүлж чаддаг.

4. Үүнээс гадна бид дижитал эрин үетэй хөл нийлүүлэн Edaatgal мобайл аппликэйшн хөгжүүлж нэвтрүүлснээр олон мянган харилцагчид маань гар утсаа ашиглан өөрөө даатгалын үйлчилгээ авах боломжтой болсон нь ажилтнуудад ирдэг ачааллыг тодорхой хэмжээнд бууруулсан.

Миний бие Тэнгэр Санхүүгийн нэгдэлд ажилд орохоос өмнө 2011 оноос хойш БНСУ-ын Корейн Эйр компанид ажиллаж байсан ба, харилцагчийн үйлчилгээний ажлын чухлыг ойлгож, их зүйл сурсан.

Яг тухайн нислэгийн үеэр хайртай хүмүүстэйгээ харилцаж байна гэж төсөөлөн хамгийн сайнаараа сэтгэгдэл үлдээж үйлчлэхийг хичээдэг байлаа.

Эргээд харахад би энэ ажлаасаа харилцаа, үйлчилгээний тухай үнэтэй туршлагыг олж авсан байсан учраас үүнийгээ цаашид түгээхийг зорьж харилцагчийн үйлчилгээний чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахыг сонгосон.

Нэг талаасаа харилцагчийн үйлчилгээний ажилтнууд төрөл бүрийн зан төлөвтэй хүмүүстэй харилцдаг учраас хамгийн азтай хүмүүс гэж би боддог.

Учир нь ажил дээрээ олон төрлийн зан төлөвтэй хүнтэй харилцаж, арга эвийг нь олж зөв оновчтой үгээр тайлбарлаж сурах харилцааны ур чадварыг эзэмшсэнээр ажлын болон хувийн харилцаанд ч маш гайхалтай, эерэг үр дагаврыг авчирдаг.

Ноу-хаугаа хуваалцвал:

1. Бусдыг сонсож чаддаг хүмүүс энэ ажлыг хамгийн сайн хийдэг. Сонсож чаддаг бол харилцагчийн асуудлыг ойлгож чаддаг.

2. Ажилтан асуудал гаргах үед удирдлагын зүгээс буруутгалгүйгээр асуудлыг нь ойлгож, зөвлөсөн шийдэл олох, асуудлыг дахин давтагдахгүй байх аргыг авч хэрэгжүүлснээр ажилтан аливаа асуудалд тайвнаар хандаж, шийдэл олох талаас нь харж чаддаг болдог.

3. Сэтгэл санааны хувьд ажилтнууддаа тайван, айдасгүй уур амьсгал бүрдүүлэхийг зорьж тэдэнтэйгээ дотнын хүний өнцгөөс харилцахыг эрмэлздэг. Ингэснээр ажилтнууд маань ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, харилцагчдын асуудалд өөриймсөг хандаж чаддаг.

4. Ажилтнуудаа карьер хөгжлийн хувьд дэмжиж, хувь нэмэр оруулахыг зорьдог. Сайн талыг нь дээш удирдлагууддаа тайлагнах, хамт олонд нь таниулах нь чухал.

Тэнгэр Санхүүгийн Нэгдэл нь ажилтнуудаа групп компани дотроо шилжин ажиллах, карьераа хөгжүүлэх боломжийг бүрдүүлж, дэмжин ажилладаг.

Миний ажил амьдралдаа эерэг дадал бий болгодог аргуудаасаа хуваалцвал:

1. Аливаад сэтгэл хөдлөлөөр бус, оюун ухаанаараа бодож асуудалд хандахыг урьтал болгодог.

2. Бурууг хайхын оронд аливаа асуудалд шийдэл хайх талаас нь хандах.

3. Багаас эцэг, эх маань хүнийг муулж болохгүй, хүнтэй хүндэтгэлтэй харилцаж бай гэж хүмүүжүүлсэн учраас энэ нь аливаад эерэгээр хандаж чадах дадал хэвшил болж чадсан.

Comments are closed.